Хорин жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “Хүрээ” МХТДС- ийнхаа нийт эрдэмтэн профессор, багш, ажилтан албан хаагчид, үе үеийн төгсөгчид болон оюутан залуустаа ойн баярын мэнд хүргье! Би 2004 онд сургуулийнхаа мэдээлэл холбооны тэнхимд холбооны инженер мэргэжлээр суралцаж 2008 онд баклаврын зэрэг горилсон. Сурч байх хугацаандаа мэдээлэл харилцаа холбооны салбарын ЗЭТ ТИ И ХХК-ийн сүлжээний инженерийн сонгон шалгаруулалтанд тэнцэж, улмаар анхны ажлын гараагаа эхэлсэн. Тус компанид ажиллаж байх хугацаандаа сүлжээний ахлах инженер, үүрэн оператор компаниудын дамжуулах системийн хөгжүүлэлт, монгол улсад өндөр хурд өргөн зурвасын DWDM оптик системийг нэвтрүүлэх, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах, зэрэг хэд хэдэн төслүүдэд амжилттай оролцон хэрэгжүүлсэн. 2011 оноос Оюутологой ХХК-д сүлжээний инженерээр ажиллаж эхэлсэн ба одоо Оюутолгойн гүний уурхайн төслийн ахлахаар ажиллаж байна. Уул уурхайн салбарт мэдээллийн технологийг хөгжүүлэх, урт хугацааны оновчтой сүлжээний шийдэл, дэд бүтцийг бий болгох, дараа үеийн утастай, утасгүй технологийн хөгжүүлэхэд өөрийн мэдсэн сурсан бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж, олон төсөл ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан. Энэ бүх амжилт нь өөрийн мэдлэг, ажлын туршлага, идэвхи зүтгэлээс гадна энэхүү мэргэжлийн суурийг тавьсан Хүрээ МХТДС- ийн эрдэмтэн багш нартаа үргэлж талархаж байдаг. Тус компанид ажиллаж байх хугацаандаа өөрийн төгссөн Хүрээ МХТДС-ийг Оюутолгой ХХК-тай холбон өгч, мэдээлэл технологийн чиглэлээр хэд хэдэн ажил дээр хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд Оюутолгой ХХК нь боловсролын үйл ажиллагаа, сургалтын орчинг дэмжих зорилгоор ашиглаж байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг тус сургуулийн мэдээлэл холбооны тэнхимийн лабораторийг тохижуулах үйл ажиллагааг дэмжин хандивлан өгсөн юм. Сургуульдаа сурсан эрдмээ улам хөгжүүлж, улс эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваадаа баяртай байна. Эцэст нь Хүрээ МХТДС байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг угтан төлөвлөж буй бүх ажилд нь амжилт хүсэн, чин сэтгэлийн талархлыг дахин дахин дэвшүүлье!
Юун түрүүнд сургуулийнхаа 20 жилийн ойг тохиолдуулан нийт багш ажилчид, оюутнууд мөн нийт төгсөгчддөө баярын мэндийг хүргэе. Сургуульдаа 2015 онд элсэн орж байлаа. Анх их дээд сургуулиудын танилцуулах үзэсгэлэн дээр очиж сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй сайн мэдэж авч байсан. Тэнд танилцуулагдаж байсан сургуулиудаас оюутан солилцооны хөтөлбөр, авч болох төрөл бүрийн тэтгэлэгүүд, гадаад дотоодын туршлагатай багш нарын бүрэлдэхүүн зэрэг олон зүйлс надад таалагдаж байсан тул Хүрээ МХТДС-ийг сонгож байсан. Элсэн орсны дараа чадах чинээгээр идэвх чармайлт гарган суралцаж байлаа. Тухайн үед сургуулийн сонингийн албанд ажиллах, хичээлээс гадуур сургалтад суух, оюутан солилцоонд хамрагдах гэх мэт бүхий л зүйлсэд минь тусалж дэмждэг байсан багш нар болон сургуулийн албаны ажилчиддаа баярлаж явдаг. Технологийн хурдацтай хөгжиж буй энэ цаг үед БНСУ бол томоохон байр суурийг эзэлдэг чухал орнуудын нэг юм. Тухайн улсаас ирсэн дадлага туршлагатай багш нараар хүчээ зузаатгасан нь манай сургуулийн нэгэн давуу тал болж өгдөг. Үүнээс гадна Монголдоо суралцангаа БНСУ-ын хэл соёлыг судлах, боловсролыг нь эзэмших, мөн цаашлаад оюутан солилцоогоор очиж суралцах боломжийг олгодгоороо манай сургууль бусад сургуулиудаас ихээхэн давуу талтай гэж боддог. Миний хувьд сургуулиа төгссөний дараа Хуавей Техноложис компанид ажилд орсон. Уг компани нь дэлхийд тэргүүлэх харилцаа холбооны технологийн компаниудын тоонд багтдаг ба 170 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг, 180.000 гаруй ажилтантай олон улсын томоохон байгууллага юм. Оюутан наснаас олж авдаг сайхан зүйлсийн нэг бол найз нөхөд байдаг шүү дээ. Хүнд хэцүү үеүдэд бие биедээ тусалж дэмжиж ирсэн найзууддаа баярлалаа. Мөн биднийг сурч боловсрон, ажил мэргэжлийнхээ гараанд хүрэхэд тусалсан багш нартаа баярласнаа илэрхийлье.
Сайн байна уу. Сургуулийнхаа 20 жилийн ойн үйл ажиллагаанд өөрийн түүхэн дурсамжаар оролцож байгаадаа баяртай байна. Би 2012 онд сургуулийнхаа мэдээлэл холбооны тэнхимд холбооны инженер мэргэжлээр суралцаж 2016 онд баклаврын зэрэг авсан. Сургуулиа төгсөөд Худалдаа Хөгжлийн Банканд сүлжээний инженерээр ажлын гараагаа эхэлсэн ба тус байгууллагатаа одоог хүртэл ажиллаж байна. Миний бага нас Улаанбаатар хотын захын дүүрэг гэр хороололд жирийн нэгэн хүүхдийн адилаар өссөн. Бидний үеийн хүүхдүүд 2000 оны эхээр анхлан СЕГА тоглоомыг тоглодог байсан нь цахим тооцоолуурын төхөөрөмж миний анхаарлыг онцгой ихээр татаж байлаа. Хожим нь PC тоглоомын газрууд олноор бий болж, компьютер гэх шинэ эрин зууны хөтөчтэй анхлан танилцаж байсан юм. Компьютер нь зөвхөн тоглоом тоглох төхөөрөмж бус асар их зүйлийг хийж болдог нь миний сонирхолыг улам ихээр нэмэгдүүлж, түүнийг эзэмших, дотоод мөн чанар, ажиллах зарчмыг нь мэдэх гэсэн хүсэл маань хожимоо мэргэжил болон биелэлээ олсон юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд технологийн чиглэлийн олон сургуулиудад орох боломж байсан ч техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Хүрээ МХТДС-ийг сонгон суралцсан. Суралцаж эхэлсэн цагаасаа л гадаад дотоодын өндөр мэдлэг туршлагатай эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, мэргэжилдээ улам бүр дуртай болж, боломж гарвал дээд курсийнхээ мэргэжлийн хичээлүүдийг урьдчилан судалж, орж сонсон техник технологийн мэдлэгээ улам зузаатгаж байлаа. Төгсөлтийн судалгааны ажлаараа мэргэжлийн профессор багш нарын удирдлаган доор бүтээлд суурилсан “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан voice GPS”сэдвээр дипломын ажлаа хийж хамгаалсан бөгөөд энэ нь харааны бэрхшээлтэй хүмүүст төдийгүй нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх цаг үеээ олсон шинэлэг бүтээл болсон. Энэхүү бүтээлийн ажлаараа тэнхимийн болон сургуулийн “ШИЛДЭГ ДИПЛОМ”-ийн шагналыг авч байсан. Оюутан насны дөрвөн жил амьдралын маань хамгийн аз жаргалтай, үнэ цэнэтэй цаг хугацаа бөгөөд миний хүсэл мөрөөдлийг биелүүлж өгсөн сургуулиараа бахархаж, сургуульдаа цаг үргэлж талархаж явдагаа хэлэхэд баяртай байна. Сургуулийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад багш, ажилчид, эрдмийн далайгаар аялан амьдралын тэнгэрт дүүлэн нисэж, амжилтын цуурайтай яваа үе үеийн төгсөгч, одоо ажиллаж байгаа нийт хүмүүстээ хорин жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье !